Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлагаа хүргүүллээ

 

 

 

Цахиур.мн-ий эрхлэгч Ц.Анхзул "Live tv"-ийн сэтгүүлч С.Будрагчаа нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд "

">УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг цацсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор дээрх сэтгүүлчдийг холбогдогчоор дуудсан нь ийнхүү шаардлага хүргүүлэхэд хүрсэн байна. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ТАНАА 

 

 

Шаардлага хүргүүлэх тухай

Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа бид 2021.04.25-ны өдөр "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн. Энэ дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас биднийг гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Бид мэдүүлэг өгөхдөө нэвтрүүлэгт яригдах  хохирогч, гэрчүүдийн зөвшөөрөлтэйгээр мэдээллийн эх сурвалжаа тодорхой зааж,  холбогдох баримтыг өгч, хохирогч, гэрч нарын утасны дугаар зэрэг бүх мэдээлэл, мэдэх зүйлсээ цагдаагийн байгууллагад гарган өгсөн. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байгаа. 

Харин өнөө өглөө /2021.05.03/ ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас биднийг Зөрчлийн тухай хуулийн 5.9-р зүйлд заасан "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн хэмээн "холбогдогч”-оор дуудлаа. 

Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бусдад бэлгийн дарамт учруулсан зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, харьяалал тогтоолгохоор УЕПГ-т санал хүргүүлсэн байна. Гэтэл Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх прокурор Ц.Алдархишиг нь Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийг илтэд гуйвуулж, сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг зөрчил үйлдсэн байдлаар буюу холбогдогчоор шалгах чиглэлийг албан бичгээр хүргүүлсэн байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т "Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх” эрхийг хэрэгжүүлдэг атал өөрт олгогдоогүй эрхийг хууль бусаар ашиглан, илтэд сэтгүүлчдийг буруутгасан үнэлэлт, дүгнэлтийг хийж, эрх бүхий албан тушаалтанд даалгасан байна. 

Бид Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг олон нийтэд таниулах, сэрэмжлүүлэх зорилгоор” нэвтрүүлэг бэлтгэсэн.  

УЕПГ-аас ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ирүүлсэн чиглэл нь сэтгүүлчдийн хуульд заасан эрхийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн, дарамталсан, айлган сүрдүүлсэн, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, буруутгагдаж байгаа талд үйлчилсэн мэт чиглэл өгсөн нь олон охид, эмэгтэйчүүдийн хохирсон хэргийг хуулийн байгууллагаар далайлган, зөрчиж байгаа, цаашлаад эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үйлдэл гэж бид хардаж байна. 

Иймд дээд шатны Прокурорын зүгээс Ц.Алдархишиг прокурорын ирүүлсэн чиглэлд холбогдох албаны шалгалт хийж, хариу ирүүлнэ үү. 

 

Шаардлага хүргүүлсэн:                   Сэтгүүлч                               Ц.Анхзул

                                                          Сэтгүүлч                          С.Будрагчаа 

2021.05.03